
Хайрын тухай бодол
Амьдрал жаргал, хүсэл сэтгэл бүхий л хайраа шингээж
Хүний амьдралын сайн муу сайхан муухай явдал мөрийг заан сургаж
Амьдралдаа эзэн байх бодлого ухаарлыг ухаанд нь суулгаж
Олондоо тустай явахыг сургасан нь ачлал энэрхүйн их хайр мөн
Ухаан бие сэтгэл зорилго бүхий л шижмээр ижилсэж
Хоёр биенийхээ дотоодод халуун итгэлээр уусаж
Ирээдүйн их амьдралын харгуйг нэгэн гэгээвчээр харж
Итгэл дүүрэн замнах нь гэгээн их дурлалт хайр мөн
Хүч бололцоо мэдлэг ухаан байгаа бүхнээ харамгүй өгч
Өвчин эмгэг зовлон зүдгүүртэйгээ тэмцэж туйлдах сэтгэлийг нь дэмнэж
Бэрхшээл бүгдийг даван туулах хүч зоригийг биед нь шингээж
Амьдрал жаргалыг атгуулах нь аугаа их өрөвч хайр мөн
Өлсгөж зовоох өвтгөж айлгах бүхий л зүйлээс хаацайлж хамгаалж
Өөрийн амьдралын нэгэн хэсэг мэт нэгэн сэтгэлээр асарч
Ирэх амьдралтайгаа тулж тэмцэхийн өмнөх жаргалтай суурь амьдралыг нь
Харамсах хорогдох сэтгэлгүйгээр бэлэглэх нь тахимдуу өөриймсөх их хайр мөн
Эрт эдүгээгийн их бүтээл гайхамшигт эд өлгийн зүйлийг хадгалан хамгаалж
Хойч үеийнхний амьдрал үйлсийг баялаг сангаар арвижуулж
Хүн төрөлхтний нүдийг нээж сэтгэлийг эрчилж хүслийг нь бадамлаж
Ирээдүйг нь наран мэт гийгүүлэх нь түүхт их нандин хайр мөн
Хүсэл тэмүүлэл бие сэтгэл өөрийгөө бүхлээр нь гаргаж
Хүн зоны жаргалын үр зовлонгийн шалтгааныг шатлан үзүүлж
Диваажинд хүрэх их амьдралын ухааныг их бясалгалаар таниулж
Түмэн олныг аврах нь нигүүлсэхүйн их хайр мөн
Leave a Reply