Сургаалийн шүлэг зохиол хэмээх дэд дэвтэр

Ирт сэтгэл

Хэрэгцээгүй зүйлээ хаячихаж чадах боловч

Хэрэг болчих вий хэмээн бусдаас харамлан бэтгэрэх

Хэтийн амьдралдаа өөдлөн дэвжиж чадах боловч

Хэний хүмүүн хөлжиж байна хэмээн санаашрагч хүн

Өөрт нь зориулж хийсэн сэтгэлийг эс тусгаж

Өөлж үүнээс ч илүү хийчих байсан гэж хорон үгээр угтах

Өвдөж шаналах вий гэсэн өрөвдөх их хайрыг үгүйсгэж

Өвч биеийг минь шаналгах гэлээ гэж хорт санаагаар чичлэгч хүн

Хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч байх боловч

Бус хүмүүн илүү гэгээлэг амьдарч байна хэмээн атаархах

Хувь ерөөлөөр бүх зүйл нь санаснаар нь мэт бүтэж байх боловч

Багадсан мэт бусдын амьдралд жөтөөрхөгч хүн

Үйл явдал өрнөж бүх нийтээр хүчин зүтгэж байхад

Би л болж байвал барав гэж хувиа хичээж суух

Үргэлжлэх амьдрал нь бусдаас нэг их дээрдэхгүй боловч

Бага гэлтгүй бусдын эндэгдлийг харан баясч шоглон явагч хүн

Илүү зангийнх нь үр дүн хэрхэн үргэлжлэхийг

Ижилгүй тэр бээр урьдчилан төсөөлж чаддаггүй нь хөөрхий

Хүнийг элдвээр гоочилж явахдаа тэр бээр

Хүний сэтгэлийг ирт мэс адил хурцалснаа үл анзаарна

Ирт мэс эзнийхээ гарын аясаар хөдлөх тул

Эвгүй харьцвал махбодид гэм учруулах тал буй

Их амьдрал эзэн хүнийхээ сэтгэлийн эрхээр болох тул

Эргэх тавиланд үйл явдал эсрэгээр эргэх тохиолдол ч буй

Өргөст зарааг цаашлуулж оролдоход

Өргөсөө сэрийлгэн биеэ хурааж нуугдана

Сэтгэлийн шархтай хүнийг тоглоомоор хэлэхэд

Сэтгэлдээ ихийг хадгалж санаагаа нуун холдоно

Хүнийг таньж харьцах нь хүслэнт оргилууртай адил

Сэтгэлийг эзэмдэн татах нь цөмийн татах хүчтэй адил.

Мэгших саран

Өнөө цагийн эр нөхөр гэгч

Өнгө мөнгийг гол зорилго болгон

Гэр бүлийнхээ амьдралыг ч мөн

Сэтгэлийнхээ галаар биш, эд баялгийн дөлөөр ивэлгэнэ

Эд баялаг, өнгө мөнгөн дээр суурилсан амьдрал нь

Хэцүү , хүнд зовлон бэрхшээлийг үл үзэн үргэлжилсээр

Цаг хугацааны эргэлтэн дор өнгө баялаг нь гундах цагт

Гомдол гутралаа хойч  үедээ гаргана

Энэ цагийн эхнэр хүн гэгч

Эрх чөлөө, аз жаргалыг эрхэм зорилго болгон

Өрх гэрийнхээ уур амьсгалыг мөн

Тохь төлөвөөр биш нижгэр цэнгэлээр саамшуулна

Нижгэр цэнгэл, аз жаргалаар жигүүрлэсэн амьдрал нь

Ирээдүй хойчийн тухай үл бясалган жаргасаар

Өнгөрөн одох насны эрхэнд цэнгэл, жаргал нь унтрах цагт

Айдас жихүүдсээ хань ижилдээ гаргана

Өөрсдийнх нь амьдралыг үзэх үзэл нь юунд хүргэхийг

Хонгорхон тэд бээр урьдчилан тооцож үздэггүй нь хөөрхий

Өнгө баялаг, цэнгэл жаргалыг эдэлж явахдаа хойч үеэ

Архаг архичин мэт зальжин болгосноо үл анзаарна

Архаг архичин өөрийнхөө хүсэл шуналыг дагах тул

Адлаж зэмлэвэл бусдын зүг ирвэс мэт гэтнэ

Хүний сэтгэл эзэн хүнийхээ итгэл хайрыг дагах тул

Халширч буруутгавал өөрийнхөө амьдралыг өстөнөө мэт сүйтгэнэ

Зээрийн сүргийг хомроглон агнахад

Аргаа өөрчилж, хөндлөн дайрдаг болно

Хүний үрийг ширүүнээр загнахад

Үл тоон өөрийн бодлоо тэнсэнэ

Амьдралыг таньж жолоодох нь

Алтан аяганаас рашаан хүртэхтэй адил юм.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄