Нийгмийн сэтгэл зүйн хэмээх долоодугаар бүлэг
Ижилгүй санаа эе эвддэг юм.
Их үг эв эвддэг юм.
Ишгүй бодлого төр эвддэг юм.
Илүү зан төрх эвддэг юм.
Гэр барихад эв хэрэгтэй харин гэрээ амьдруулахад эе хэрэгтэй байдаг.
Нийгмээс бид маш их хамааралтай байдаг болохоос биш биднээс нийгэм огтхон ч хамааралтай байдаггүй.
Амьдрал өөрөөс нь маш ихээр шалтгаалдаг байхыг хүүхэд бүр хүсдэг.
Ёс суртахуун гэдэг бол ирээдүйн өндөрлөгт хүрэх зам буюу шаттай адил юм.
Ухамсар гэдэг бол тэрхүү өндөрлөгт хүрэх гэсэн хүний бодлоготой алхамтай адил юм.
Бодол ба санаа нь ирээдүйн их амьдралыг бүтээн босгодог.
Үйл бүтээл туурьвил нь өнгөрсөн үеийн түүх болж үлддэг.
Эрх мэдэл, хүсэл шунал, нэр алдар нь тухайн цаг үеийнхээ нэрийн хуудас буюу тодорхойлолт нь болдог.
Мөнгө болон улс төр нь ямар нэг утга илэрхийлж чадахгүй, зөвхөн өөр бусад юмсад тодорхойлолт болж өгдөг.
Төрийг батжуулна гэдэг бол өнөөдөр юуг өөрчилж бүтээн байгуулснаар бус, бүтээн байгуулалт нь ирээдүйд хэр зэрэг үр дүн өгөв гэдгээр тодорхойлогдоно.
Ихэс дээдэст ултай үндэстэй хандах, үе тэнгийнхэндээ буурьтай суурьтай хандах, дорд доодост ухамсартай няхуур хандах, өтгөс буурлуудад хүмүүжилтэй хүндэтгэлтэй хандах, хүүхэд нялхаст сургаалтай сургамжтай хандах хэрэгтэй.
Дээд тэнгэр чамайг төрөхөөс аль эрт чиний амьдрал тэмцлийг зурж өгсөн байдаг. Эцэг эх чинь хэрхэн яаж гэдгийг чиглүүлж өгдөг. Үлдсэнийг нь чи өөрөө олж мэдээд гүйцээх ёстой.
Өнөө цагт хүнийг амьдрах ухаантай болгьё гэвэл хүнтэй яаж харьцах, хүнийг яаж таних, хүний хүсэл бодлыг хэрхэн олж мэдэх, ямар нэг юмыг хийх арга эв ухааныг зааж өгөх хэрэгтэй.
Өнөө цагт хүнийг эрдэмтэй болгьё гэвэл аливаа юмсын учир шалтгаан, дотоод мөн чанарыг таниулж, өргөн мэдээлэл өгч, гэгээн мөрөөдлийг төрүүлэх хэрэгтэй.
Өнөө цаг хүнийг оюун ухаантай больё гэвэл амьдрах ухаантай, эрдэм төгс болгоод дараа нь тодорхой хугацааны турш хэлсэн болгоныг нь үгүйсгэж, хийсэн бүгдийг нь няцааж, санаа тавьж туслахад нь гөжүүдлэж, хүссэнээр нь байлгахгүй байх хэрэгтэй.
Оюунлаг байна гэдэг бол амьдрах их ухаантай, эрдэм төгс, оюуны их чадвартай болох гэсэн санааг хэлнэ.
Leave a Reply